Tuesday, March 10, 2015

Хайкуны тухай 7 үнэн

Нэг. Киго, киго бас дахин  киго

Хайкуны хамгийн анхдагч шаардлага бол киго буюу байгаль улирлыг илэрхийлэх үгтэй байх явдал юм. Байгалийн үзэгдэл, улирлын өнгө аяс хүний дотоод мэдрэхүйг сэрээж, агшин зуурын гэгээрэл (сатори)-д хөтөлдөг аж. Кигогүйгээр хайку байх боломжгүй.


үл хэлэхэд

уруул жиндэнэ-

намрын салхи

 

М. Башё

Байгальтай нэгдэх, байгалийг танин мэдэх, дэлхий ертөнцийн эргэлдэх хөдөлгөөнд нэгдэж, төвлөрөх агшин бүрд хүн гэгээрч, яруусаж, тунгалагшиж байдаг. Хайку киготой байдгийн учир энэ. Харин хүн байгалиасаа холдох бүр эго нэмэгдэж, дээрхийн эсрэг үр дүн гарах нь. Хайку бичнэ гэдэг нэг талаар байгальтай холбогдох нарийн шижмээ олно гэсэн үгээ.

Хоёр. Кирежи
Хайку үргэлжилсэн нэг өгүүлбэр байх ёсгүй. Дундаа зогсоцтой байх учиртай. Үүнийг кирежи гэдэг, 3 цэг зураасаар тэмдэглэдэг. Зохиогч дотоод хэмнэлээ мэдэрч бичих ёстой. 3 цэгийг нэг өгүүлэмж болгож аваад тэрийгээ нээлттэй орхих үед ихэвчлэн хэрэглээд байгаа юм.


камиказе...

өвөг дээдсийн сүнс

төөрчээ

 

Н. Төвшинзаяа

Харин зураасыг нэг өгүүлэмж аваад тэр өгүүлэмжийн даруй болсон үйлийг илэрхийлэхэд хэрэглэнэ.


унаач хүү

өвсний чимээгээр сэрнэ-

наадмын өглөө

 

П. Надалсүрэн

Гэхдээ дээрх бол жишээ. Зохиогч дотоод хэмнэлээ мэдрээд өөрөө кирежигээ шийднэ.
Кирежигүй бол энэ хайку бишээ гэсэн үг. 

Гурав. Хэмжээ

Хайку хэмжээтэй. Япон хэл дээрээ эхний мөр 5 үетэй, дараагийн мөр нь 7 үетэй, сүүлийн мөр мөн 5 үетэй, нийтдээ 17 үетэй байдаг. Харин дэлхий нийтэд урт/ богино/ урт хэлбэрээр бичдэг уламжлал тогтжээ. Монгол хэлээр хайку бичихдээ мөн 17 үед багтааж, хэтрүүлэлгүйгээр бичих нь зүйтэй. Англи хэл дээр мөн 17 үе гэсэн зарчмыг ерөнхийд нь барьдаг. Гэхдээ үеийг яс тоолдоггүй. 

Дөрөв. Эгогоо дарах хэрэгтэй

Мөн чанарын хувьд зохиогч юуны өмнө ЭГОГОО (өөрийгөө шүтэх, аминч үзэл) дарах хэрэгтэй. "Би", "Миний", "Хүсч байна" гэх мэт үгс хайкуд хамааралгүй. Мөн өөрийн үзэл бодол, хандлага, хүсэл, шунал, тачаал, гомдол, зүхэл, занал зэргийг хайкугаар илэрхийлэх боломжгүй юм. Цээжнээс дээшээ огшоод ирдэг омогшил, бардамнал, уур хилэн зэргээ дарах ёстой. Зуны турш бүхний доор тэргүүнээ бөхийдөг хонхон цэцэг мэт, өвс мэт даруухан оршиж, зүрхээ хайр, нигүүслээр дүүргэж, төв шударга сэтгэл, уужуу саруул ухаан, төвлөрөл нэгэн оюунд цогцолж байж хайку бүтдэг байх гэж бодогдож байна. Амьсгалаа зөв авах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа авахад дотоод хэмнэлээ аяндаа мэдрэнэ. Энэ чухал мэт санагддаг. Та байгалийн сайхныг харчихаад 5 давхарт байдаг гэр рүүгээ гүйж орж ирээд амьсгаа дарагдаагүй байхад шууд суугаад хайку бичнэ гэдэг юу л бол. Учир нь таныг төвлөрөхөд саад болох юм. Тиймээс амьсгаа гэдгийг яриад байгаа юм.

Тав. Бодот туршлага
Хайку шударга. Хайкуг зохиодоггүй. Тиймээс хайкуг бодот туршлагад тулгуурлан бичнэ. Төсөөлөл, зүйрлэл, адилтгал, хүншүүлэл, егөөдөл зэрэг уран дүрслэлийн аргуудыг хэрэглэдэггүй. Учир нь хайку төвлөрөл дээр суурилсан учраас дээрх аргуудыг хэрэглэснээр төвлөрөл саарах магадлалтай. Тиймээс мэдрэхүйн 5 эрхтнээр (харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх) дамжин ирж байгаа бодот мэдээллийг л бичнэ гэсэн үг.


өглөөний гэгээ...

шувууд нисэн ирээд

нууранд уусав

 

Б. Бүрэнбилэг

Хайкуны үнэ цэнэ оновчтой цэцэн үгэнд биш, уран сайхан дүрслэлд биш, харин агшин зуур оюунд гялсхийх гэгээрэл, зүрх сэтгэлд сэрэх нарийн мэдрэмжинд л байгаа юм. Бид энгийн шүлэг бичихдээ сартай яриад, салхинд хүслээ дайгаад, навчсыг уйлуулаад, жаврыг уяруулаад, тэр ч бүү хэл нөгөө ертөнцөд хүртэл очдог. Энэ бол төсөөллийн үр дүн. Төсөөлөл нь саторид хүрэх замыг хааж, хийсвэр зүйлд оюун санааг төөрөлдүүлэх нигууртай. Мөн хэт олон өгүүлэмж мөн төвлөрлийг сааруулдаг. Тиймээс ажиглаж байхад ихэнх хайку нэг л үйл үгтэй байдаг. Аливаа зүйлийг нэрлэж биш, үйл явцад суурилан бичих хэрэгтэйг хайкун мастерууд сануулдаг.

 Зургаа. Гоо зүйн ухагдахуунууд болон хайкуг хүчирхэгжүүлдэг үндэс сууриуд

Зока

Зока гэдэг нь маш энгийнээр хялбаршуулж хэлэхэд дэлхий ертөнцийг хөдөлгөгч эрчим хүч юм. Дэлхийн эргэлдэх хөдөлгөөнөөс улиралууд бий болдог. Харин дэлхийн эргэлдэх хөдөлгөөнийг бий болгодог эрчим хүч бол зока юм. Байгаль, байгалийн үзэгдэл, хувирал, мөн хүний амьдрал ч бас зокагийн тойрогт багтдаг. Нэг л өдөр толинд харахад санчиганд гараад ирдэг ганц цагаан үс бол зокагийн үр дүн юм. Мөн энэхүү эрчим хүч хэзээ ч төгсөшгүй, учир шалтгаантай хүчирхэг эрчим хүч учраас бүх зүйл дэлхий ертөнцийн зохицол , хувьсан өөрчлөлт зокагийн үр дүнд болдог гэсэн үзэл санаа юм.


сүүлчийн навч

хөлдүү газар унах нь-

шинэ эхлэл

 

Н. Төвшинзаяа

Сүүлчийн навч газар унах нь зокагийн үр дүн. Энэ нь эргэлдэх хүрдэнд орсон, хэзээ ч төгсөшгүй. Эхлэл, төгсгөл гэсэн эсрэгцэл шингэсэн байна. Бид ч гэсэн энэ ертөнц дээр эцсийн амьсгалаа аваад шинэ амьдрал эхлэнэ, тэр шинэ амьдралд бас төгсгөл ирнэ. Харин аль нь эхлэл, аль нь төгсгөл гэдгийг ялгахад бэрх юм.Хайку судлаач Дон Байрд "Зокагүй хайку маш үлбэгэр сул байдаг" гэж хэлсэн байна. Мөн М. Башё "Зокаг дага, зока руу буцаж ир" гэж хэлжээ.

Юүгэн

Хайку хүнийг саторид, сэрэл мэдрэмжид, гоо сайханд хөтөлдөг. Тиймээс бүхнийг бичдэггүй. Уншигчдад цааш нь ургуулан бодох орон зай үлдээдэг. Үүнийг таавар буюу юүгэн гэдэг. Харин хайку унших үйл явц жирийн унших явцаас өөр юм. Хайкуг төвлөрч, ургуулан бодож, өөрийн уран сэтгэмжээр баяжуулан уншина гэсэн үг. Зохиогчийн бичсэн 3 мөр дангаараа хайку бишээ. Харин уншигч уншаад зохиогчийн сэрэлд хөтлөгдөх үед хайку буй болох аж. Өөрөөр хэлбэл хайкуг уншигч төвлөрөн унших агшинд хайку төрнө гэсэн үг.


ууланд цас нурав-

хаа нэгтээ бүсгүй хүн 

ээж болж дээ

 

Г. Дарьням

Энэ билэгдлийн шинжтэй, юүгэнтэй хайку байна. Эндээс уншигч цааш нь ургуулан бодож, зохиогчийн сэрэлд өдөөгдөх учиртай юм.

Ваби-саби

Ваби-саби гэдэг нь зэн буддизмын гоо зүйн ухагдахуун бөгөөд үгчилбэл “гэгээн гуниг” гэсэн утгатай. Ваби-саби нь төгс бусаас гоо сайхныг нээн илрүүлэх, байгалийн өсөлт, бууралт, төгсгөлийн эргэх хөдөлгөөнийг багтаасан өргөн утга санааг илэрхийлдэг. Ваби-саби нь зөвхөн байгальтай холбогдох бөгөөд тэрээр бид энэ дэлхий дээр түр зуур амьдарч байгааг, биднийг хүрээлэн буй материаллаг зүйлс хумхийн тоос болон хувирч, хаанаас буй болсон тэр хэвэндээ буцаж очноо гэдгийг сануулж байдаг. Ваби-сабигаар дамжуулан бид хүний мөн чанар, орчлон ертөнцийн өсөлт бууралт, хөгжил цэцэглэлтийг таньж мэдэж болно. Мөн төлөв даруу, эелдэг, дөлгөөхөн байдлыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл хэтийдсэн зүйлээс татгалздаг. Зэн судлаач Т. Сузуки ваби-сабиг “Ядуу зүдүү байдалд талархах сэтгэл” гэж тодорхойлсон байна. Ядуу зүдүү байдал гэдэг нь бидний ойлголтоос арай өөр бөгөөд амьдралаа материаллаг зүйлээс хамааралгүй болгох илүү бадрангуй мэдрэмж юм.


будааны уут

хоосрон ахуйд-

интоорын цэцэгс

 

Исса Кобаяши 


эхний ялааны

далавч нэвт гэрэлтээд л-

үзэсгэлэнтэй


Н. Төвшинзаяа

дорно зүгийн

өвсөнд мэхийнэм, тэнд найрагч

нойрсож байгаа

 

Г. Дарьням

Зохицол

Хайку бичихдээ 5 мэдрэхүйн эрхтнээр (харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх) дамжин ирсэн бодот мэдээллийг илэрхийлж бичих ба 2 ба түүнээс мэдрэхүйн хослолыг синетезиа буюу зохицол гэдэг. Зохицол хайкуг хүчирхэг болгох үндэс сууриудын нэг юм.


тоглоомын талбай

бороо, навчист эзлэгдээд-

нам гүмхэн  (харах, сонсох мэдрэхүйн хослол)

 

П. Надалсүрэн

Эсрэгцэл

Нэг өгүүлэмжийг аваад өөр нэг өгүүлэмжтэй эсрэгцүүлэн шүлэглэх нь хайкуг хүчирхэг болгодог үндэс сууриудын нэг юм.


яг өдийд,

бургаас нахиалах цагаар

яваад л өгсөн хүний үр...

 

Н. Төвшинзаяа

Сатори  буюу төвлөрөл
Хайку бол гэгээрэл юм. Онцгой сэрэл мэдрэмж юм. Оюун туссан цахилгаан юм. Санаандаа нэг зүйл төсөөлчихөөд, тийм л байдаг байх гэсэн төсөөлөл бол хайкуных биш. Модод уйлаад, тэнгэр уурлаад, одод ичээд, сар яриaд байгаа өгүүлэмж бол хайкуных биш. Мөн аливаа зүйрлэл ч гэсэн мөнөөхөн төсөөллийн үр дүн ажээ. Байгальтайгаа харьцалгүй, хайкун агшинг анзааралгүйгээр төсөөлж бичихийг хайкун мастерууд "ширээний хайку" хэмээн нэрлэж таагүй ханддаг. Байгалиар өдөөгдөн нэгэн цэг төвлөрч бичих нь чухал ажээ.

Долоо. Мацуо Башё бол сонгодогийн сонгодог 


эртний цөөрөм...

мэлхий үсрэхэд

ус цалгих дуулдав (Б. Явуухулангийн орчуулга)

энэ хайкуг зөвхөн англи хэлэнд л гэхэд маш олон хувилбараар орчуулсан байдаг. Мөн маш олон судлаачид, маш олон янзаар тайлбарласан байдаг. Энэ түүний хамгийн алдартай хайкуны гайхалтай сайхныг мэдрэх, нууцыг тайлах гэсэн оролдлогууд болов уу. Энэ хайку бүтсэн тухай домог бий. Башё зэнгийн мастер байсан. Саторид дасгалжсан хүн байсан. Тэрээр энгийн байхдаа ч төвлөрлийн байдалд, бясалгалд бэлэн байсан байх. Тиймээс уншигчийн оюун санаа, cүнс, төвлөрөл, ариусал Башёгийн түвшинд буюу ойролцоо очиж байж энэ хайкун утга санаа тодрох биз.


дайнд унасан эрийн

дайчин алдрын зүүд-

зуны өвс (Б. Ренчингийн орчуулга)

Энэ хайкуг Башё аялж яваад тулалдааны талбарт очоод бичсэн гэдэг. Баатар эрийн эр зориг зуны өвс мэт хэврэг юмаа гэсэн санаа гэж японы найрагч Таро Айзу хэлж байж билээ.


бясалгахуйяа,

орчлонгийн хамаг явдал-

интоорын цэцэгс (Н. Төвшинзаяагийн орчуулга)

Орчлонгийн бүх зүйл интоорын цэцэг юмаа гэсэн дүгнэлтэнд хүрэхийн тулд нэлээн гүн бодож таарнаа даа? Хэдийгээр энэ нь агшин зуурын сэрэл байж болох боловч яавч энгийн зүйл биш гэдэг нь харагдаж байна.Эндээс хайкуг зүгээр нэг унших биш, төвлөрч, бясалгаж, тайлж унших хэрэгтэй гэсэн санааг хэлэх гээд байна. Бичихдээ мөн адил. Магадгүй та дээрх хайкунуудыг уншаад, долоо хоногийн дараа ч ойлгож, мэдэрч болох юм. 


гайхалтай үдэш!

сүмийн хонхны дуу тасархуйд-

анхилам цэцэгс (Н. Төвшинзаяагийн орчуулга)

Үдшээр сүмийн хонхны дуу цэцэгсийн анхилам үнэрт шилжиж байгаа агшныг илэрхийлж чадсанд Башёгийн хайкуны гайхамхамшиг оршиж байна. Мөн амьдралын харьцуулашгүй талууд нэгдэж нэгэн цогц болж байгаа эгзэгтэй агшныг мэдэрчээ. Сонсох, үнэртэх хос мэдрэмжийн зохицлыг агуулсан ба сүмийн хонх, цэцэгсийн үнэрийг эсрэгцүүлэн шүлэглэжээ. Дээр өгүүлсэн гоо зүйн ухагдахуунуудыг гуравхан мөрөнд бүгдийг нь багтааж чадсан бөгөөд хайкуны хамгийн чухал үнэ цэн болох энгийн байдлыг чухалчилсан байна. Энэ утгаараа Башё бол сонгодогийн сонгодог, оргилын оргил.


 Хязгаараас цааш бүлгэмийн гишүүн Н. Төвшинзаяа