Thursday, August 14, 2014

Мэдрэхүйн байгаль хайкун түүвэр

Юмс “минимал” тал уруу яваад байх шиг... Урлагт Малевичийн “Хар дөрвөлжин”-өөс эхлээд “BAUNHAUS” хүртэл олон жишээ дурдаж болно. Явсаар IKEA, APPLE -н дизайны шийдлүүдээр бидэнд ирсээр л байгаа. Гэхдээ энэ бүхэн шинэ юм огт биш, харин ч хуучин зүйл гэж бодож байна. Бид өөрсдөө тэр минимал-аас ирсэн, бидний хөгжил, бидний ирээдүй тийшээ л явах байх. Агуйд амьдарч, хадны сүг зураг урлаж явсан цаг үе бол минимализмын оргил үе байж болох...Бид энэ амьдралд хов хоосон ирсэн, хов хоосон л буцах нь үнэн....Надад лав бидний Монголчуудын нүүдлийн хэв шинж, мал аж ахуй, хүнс, хувцас, зэр зэвсэг, аян дайн, урлаг соёлоос төгөлдөр минимализм мэдрэгддэг. 
Нүсэр, хүнд, чихэлдсэн, бачуурсан, түгжирсэн гялгар мэдрэмжээс залхах үед хөдөө хээрийг мөрөөсөх нь өдөржин барьсан гутлаа тайлж хүйтэн горхинд хөлөө дүрэн суух мэт...Энэ мэдрэмжээ утга зохиолоор хөглөн суух юутай таатай.
Үүнээс үүдээд л нэг мөрт, гурван мөрт, таван мөрт үгэнд дурлах болсон байх. Шүлэг гэхэд бас өөр санагддаг, үгэн зугаа гэмээр ч юм шиг. Эсвэл үгээр дүрслэх, үгээр зураг зурах, өөртөө бясалгах урлаг гэх юм уу...мэдэхгүй... ямартай ч хүний бодох зүйлийг нь үлдээж, далд утга, зүйр төлөөлөл ашиглаж, үгээ ширгээж, үзгээ хэмнэсэн, онлайн хэлээр бол “жиргээ” товшлуурууд юм даа...
Японд бол “хайку” гэдгээр хөгжөөд өндөрт гарчихсан урлаг юм. Хайкуг зөвхөн япон хэл дээр бичдэг бусад хэлэнд боломжгүй л гэлцдэг. Гэхдээ бичихдээ биш мэдрэхдээ гол нь байдаг байх. Монголчуудын ахуй, байгаль, цаг уурын хувирал бол хайку бичихгүй байх боломжгүй сонин газар орон. Газар орон нь өөрөө хүнийг удирддаг хойно, бичих гэж суух биш, бичигдээд байсан зүйлсээ цуглуулсан хэсэг нөхөд нийлж англи, монгол хэл дээр ном гаргасан юм.
Номоо “Мэдрэхүйн байгаль” гэж нэрлэсэн. Энэ бидний “Хязгаараас цааш” бүлгийн анхны ном биш. Гол нь энэ удаа хайку гэдэг зүйлийг дэг жаяг, тэг зарчимтай нь ургуулж, гаднын хайкучидад “Монгол хайку”-г танилцуулах гэж хичээсэн. Сүүлийн хоёр жилд дэлхийн олон орны хайкучидтай онлайн нөхөрлөж санаа бодол, шүүмж сургаалыг тусган нэвчүүлэхийг зорьсон. Мөн хайкун түлхүүр үг “Киго”-ны санд Монголоос 60 гаруй үгийг бүртгүүлсэн билээ. Номны нээлт мээлт гэж сүр бадруулсангүй, тэгэх зав ч алга, шаардлага байсангүй. Бидний оюун санааны зөвлөх болж уг бүтээл дээр ажилласан Японы хайкуч доктор Габи Грийв, АНУ-н хайкун мастер Эд Бремсон, Израйлын яруу найрагч Рита Одех, АНУ-н яруу найрагч Санди Прей, Японы яруу найрагч, зохиолч Таро Айзу мөн Хидео Сузуки нарт гүнээ талархал илэрхийлэх хэрэгтэй. Бидэнд зориулж мялаалга нийтлэл бичсэн яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Пүрэвхүүгийн Батхуяг эрхэмд мэхийн ёсолном.
Мөн зураач дизайнер, уран бичээч Цэгмидийн Тамир,  фото урлал дээр ажилласан дизайнер, шивээсчин,  Баасанжавын Ариунболд андууддаа талархаж байна.

Арай л урт анти минимал юм биччихлээ
Бидний бүтээлийг НОМЫН ДЭЛГҮҮРҮҮДЭЭС авч болно гэж л хэлэх гэсэн юм.

Н. Идо

No comments:

Post a Comment